НҮБХХ, ОУХБ, ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй төсөл

Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл

Европын Холбооноос үзүүлж буй Төсвийн дэмжлэг нь үндэсний хэмжээнд шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж, төсөв, санхүүгийн удирдлага болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Европын Холбооноос үзүүлж буй Төсвийн дэмжлэг, түүний бүрэлдэхүүн хэсэг болох Техникийн туслалцааны төсөл нь тус улс тогтвортой өсөлтөд хүрэх, улмаар бүтээмж сайтай, болзошгүй хямралын үед хариу арга хэмжээ авч, сэргэх чадавх бүхий, нийгмийн бүхий л бүлэгт, ялангуяа эмзэг бүлгийн хүмүүст хөдөлмөр эрхлэх өргөн боломж бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загвар болгон хувиргахад дэмжлэг болох юм.

Зорилго

Европын Холбооны төсвийн дэмжлэгийн ерөнхий зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжихэд оршино.

Тогтвортой хөгжлийг цогцлоох, дундаас дээш-орлоготой улс болох Монгол Улсын хүсэл эрмэлзэл биеллээ олох эсэх нь хөдөлмөрийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөх эрэлт, хэрэгцээг хангах чадвартай хөдөлмөрийн зах зээлийн институтүүд хэрхэн бэхжиж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд хангагдаж, ажилтан, ажил олгогч талууд хоорондоо чөлөөтэй хэлцэл өрнүүлж, ашиг сонирхлоо харилцан хүлээн зөвшөөрөх гарааны тэгш боломж, нөхцөл хэр бүрдэхээс ихээхэн шалтгаална. Хөдөлмөрийн зах зээлийн институтүүд Ковид-19 зэрэг урьдчилан таамаглах боломжгүй хямрал, түүнээс үүдсэн эдийн засгийн сорилтыг даван туулах бэлтгэлтэй байх хэрэгтэй байна.

Хууль тогтоомж, практикт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс уламжлагдаж ирсэн дадал практик нөлөөлсөн хэвээр, өнөөдөр болон ирээдүйд хөдөлмөр зохион байгуулагдах арга, хэлбэрээс ихээхэн хоцорч байна. Төслийн хүрээнд хөдөлмөрийн хууль тогтоомж, дадал практикийг олон улсын хөдөлмөрийн стандарт, сайн туршлагатай нийцүүлэх, хөдөлмөрийн хяналтын үр ашиг, нөлөөг дээшлүүлэхэд ОУХБ-аас дэмжлэг үзүүлнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ, хөдөлмөрийн талаарх суурь конвенц, хөдөлмөр эрхлэлтийн талаарх конвенцууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаарх конвенцуудын хэрэгжилтийн талаар Монгол Улсын тайланд үнэлгээ өгч, ОУХБ-ын Конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооноос гаргасан зөвлөмжийг удирдамж болгон, үндэсний хууль тогтоомжийг олон улсын стандарттай нийцүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, арга хэмжээг тодорхойлох, ахиц дэвшлийг хэмжихийн зэрэгцээ засгийн газрын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлснээр ялангуяа залуу ажилтан, гэр бүлийн хариуцлага үүрч буй ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, хөдөө орон нутгийнхан, зохистой хөдөлмөр эрхлэх боломжоор хомс шилжин суурьшигч ажилтнууд зэрэг тодорхой бүлэгт тус буй нөлөөг судална.

Бүрэлдэхүүн хэсэг Д: Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн институтийг бэхжүүлэх замаар олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг сайжруулах

Үр дүн Д.1. Хууль эрх зүйн орчныг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй нийцүүлнэ.
  • ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын тухай 1947 оны 81 дүгээр конвенц, Хөдөлмөрийн хяналтын тухай (хөдөө аж ахуй) 1969 оны 129 дүгээр конвенцыг тус тус соёрхон батлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ОУХБ-ын конвенцуудын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ.
  • Хөдөлмөрийн хяналтын үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, түүний дотор Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг чиглэлээр зөвлөмж боловсруулах.
  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих салбар хорооноос олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ болон Монгол Улсын хүлээх үүргийн талаар судалж, хэлэлцүүлэг хийхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Хууль эрх зүйн актууд, тэдгээрийн хэрэгжилтэд судалгаа хийж, хэрэгжилтийн явцад гарсан анхаарах шаардлагатай асуудлыг тодорхойлон, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй нийцүүлэх хэрэгцээ, албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга замыг тодорхойлно.
  • Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийг хэрэгжүүлэх, зохистой хөдөлмөрийн нөхцөлийг бий болгох, албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамтын хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлэхэд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-д дэмжлэг үзүүлнэ.
  • Мэргэжлийн бүлгүүд болон Залуучуудын зохистой хөдөлмөрийн төлөөх үндэсний сүлжээ(DWYN)-нд залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.
Үр дүн Д.2. Хөдөлмөрийн хяналтын албадын чадавхыг бэхжүүлэх замаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулна.
  • Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах стратеги төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Хяналт шалгалтын арга хэмжээг баримт нотолгоонд суурилан боловсруулах хяналт шалгалтын мэдээлэл цуглуулалт (нас, хүйсийн задаргаатай), дүн шинжилгээ, тархаалтын байдалд үнэлгээ хийнэ.
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар(МХЕГ)-ын хяналт шалгалтын мэдээллийн тогтолцоог сайжруулах, шинэчлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тоо баримт цуглуулж буй өнөөгийн тогтолцоог сайжруулах зөвлөмж боловсруулна.
  • Хөдөлмөрийн маргаан, хөдөлмөрлөх эрхийн асуудлаар сургалтын хөтөлбөр боловсруулж улс, аймаг, сумын нийгмийн даатгал, эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналтын байцаагчдыг сургах, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх.

Түншлэгч байгууллагууд

ОУХБ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МХЕГ, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, МАОЭНХ, МҮЭХ зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, тэдний мэргэшсэн чадварт суурилан, ОУХБ-ын суурь болон засаглалын конвенцууд, холбогдох мэргэжлийн конвенцуудыг үндэсний хууль тогтоомж, практикт хэрэгжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийн албан бус хэлбэрийг хязгаарлаж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, цаашид авах арга хэмжээний үндэслэл болж, ахицыг харуулах нотолгоо, мэдээлэл бий болгоно.

Төслийн үр дүнг хүртэгчид

Төслийн эцсийн үр дүнг хүртэгч нь хүн амын янз бүрийн бүлэгт хамаарах ажил хайгч, ажилгүй эсвэл бүрэн бус хөдөлмөр эрхлэгч, түүний дотор алслагдсан нутгийн залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, мөн илүү бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажилчин хайж буй ажил олгогч, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах хүсэлтэй ажилчид байна. Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохын ашиг тусыг олон нийт, татвар төлөгчид, Монгол Улсын иргэд хүртэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.

НҮБ-ын байр, 604 тоот
Нэгдсэн үндэстний гудамж 12
Cүхбаатар дүүрэг
Улаанбаатар 14201, Монгол улс
Утас: (976) 11320624
И-мэйл: ulaanbaatar@ilo.org