Зохистой хөдөлмөр ба залуучуудын хөдөлмөрлөх эрх

"Зохистой хөдөлмөр ба залуучуудын хөдөлмөрлөх эрх” хоёр өдрийн сургагч багшийн сургалт зохион байгуулагдлаа

"Зохистой хөдөлмөр ба залуучуудын хөдөлмөрлөх эрх” хоёр өдрийн сургагч багшийн сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн 4-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээ нь 2022 оны 11 сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулж, Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний гишүүн байгууллагууд, залуучуудын хөгжлийн төвийн ажилтнууд болон нийгмийн идэвхтэй, манлайлагч залуусын төлөөлөл болсон 60 гаруй хүмүүс оролцлоо.

© ILO

Сургалтын зорилго нь:

  • Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний гишүүдэд зохистой хөдөлмөрийн талаар цогц мэдлэг олгох,
  • Залуучуудтай ажиллахдаа хөдөлмөрлөх эрхийн талаарх суурь мэдлэг, мэдээлэл өгч, чиглүүлэх чадавхтай болох,
  • Хөдөлмөрлөх эрхийн суурь мэдлэг олгох сургалтуудыг бие даан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, арга зүйг эзэмшүүлэхэд чиглэж байна.
© ILO
Сургалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн ноён Марко Ферри, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга нар үг хэлж, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир, Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний зохицуулагч Ч.Балжинням, ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Вайденкаф нар сургалтыг хоёр өдрийн турш удирдаж, дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ болон Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн талаар мэдээлэл хуваалцав.

© ILO
Оролцогчид багт хуваагдан бодит кейсүүд дээр нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих стратеги төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай шинэлэг санал, санаачилгуудыг ярилцлаа.


© ILO
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын ulaanbaatar@ilo.org хаягаар холбогдоно уу.