Нийгмийн хамгааллын талаар цогц мэдээлэл бүхий гарын авлага малчдад хүрлээ

НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” Хамтарсан хөтөлбөр нь малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудыг сонгон ажиллаж байгаа билээ. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 9 дүгээр сараас эхлэн эдгээр аймгуудын сумдын нийгмийн даатгалын байцаагчид малчдад хүрч, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч, малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Малчдад хүрч мэдээлэл өгөх ажиллагаанд дэмжлэг болж, нийгмийн даатгалын байцаагчдын өгч буй мэдээллийг илүү олон малчдад хүртээмжтэй байлгах, тэдний хэрэгцээтэй мэдээллийг нэг дор багтаах зорилгоор төслийн зүгээс нийгмийн хамгааллын талаар цогц мэдээлэл бүхий гарын авлагыг боловсруулсан юм. Уг гарын авлага нь малчны нийгмийн даатгал, малчдын хоршоо, тогтвортой мал аж ахуй гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд олон төрлийн мэдээллийг багтааж, энгийн, ойлгомжтой зурган мэдээлэл ашигласнаараа онцлог болсон.

Зорилтот 5 аймгийн сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчдад нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгөх ажилд нь энэхүү гарын авлага их тус болж буй талаар сэтгэгдлүүдээ илэрхийлсээр байгаа бөгөөд малчид ч гарын авлагын агуулга, хэрэглээ, ойлгомжтой байдалд сэтгэл хангалуун байгаагаа тэднээр дамжуулан илэрхийлсээр байна. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд одоогоор нийт 11,000 орчим гарын авлагыг малчдад тараагаад байна.