Нотолгоонд суурилсан бодлого боловсруулах нь

“Албан бус хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар нотолгоонд суурилсан бодлого боловсруулах нь” цахим семинар

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын төлөвлөлт, хэрэгжилтэд шаардлагатай мэдээллийг бий болгох, энэхүү бүлэгт үзүүлж буй КОВИД-19 цар тахлын нөлөөллийг тодруулах зорилгоор “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-г гүйцэтгэж, судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулаад байна.


Саяхан байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрт нийгмийн түншлэгч талууд албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлогыг шинэчлэх, албан бус биснес эрхлэгчдийг албан салбарт шилжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Энэхүү ажлын хүрээнд ХНХЯ ОУХБ-тай хамтран бодлогын цуврал семинар зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Эхний удаагийн семинар нь уг түүвэр судалгааны үр дүнг бодлогын зорилгоор нарийвчлан авч үзэх, тэр дундаа албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөж буй нөхцөл, албан эдийн засагт шилжих боломж, тэдэнд цар тахлын үзүүлж буй нөлөөний талаар судалгаанаас гарч буй асуудлуудаар бодлогын зөвлөмж боловсруулах ажлыг эхлүүлэх зорилготой.

Семинарын үр дүнд үндэслэн 2021 оны 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын дундуур зохион байгуулах дараагийн семинарын хөтөлбөр, агуулгыг боловсруулж, бодлогын илүү тодорхой чиглэлүүдэд анхаарал хандуулна.

Хэлэлцэх сэдэв, асуудлууд

Сэдэв 1: Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дүр төрх, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл
  • Ямар хүмүүс албан бус хөдөлмөр эрхэлж байна вэ?
  • Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг нь үзэхэд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ямар бүлгүүд хамгийн эмзэг байдалд байна вэ?
  • Монгол Улсын хувьд албан бус хөдөлмөр эрхлэлт тулгамдсан асуудал мөн үү? Учир шалтгаан?
  • Бодлогын түвшинд нэн тэргүүнд анхаарал хандуулах бүлгүүд нь хэн бэ? Учир шалтгаан?
  • Ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? 
Сэдэв 2: Албан салбарт шилжих боломж
  • Албан бусаар хөдөлмөр эрхлэхийн давуу талыг юу гэж ойлгож байна вэ?
  • Албан бусаар хөдөлмөр эрхлэхийн сул талыг юу гэж ойлгож байна вэ?
  • Албан салбарт шилжих талаар ямар бодолтой байдаг вэ?
  • Албан салбарт шилжихэд ямар хөшүүрэг шаардлагатай вэ?
  • Монгол Улсын хувьд албан бус хөдөлмөр эрхлэлт тулгамдсан асуудал мөн үү? Учир шалтгаан?
  • Бодлогын түвшинд нэн тэргүүнд анхаарал хандуулах бүлгүүд нь хэн бэ? Учир шалтгаан?
  • Ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Албан салбарт шилжих боломжийн талаарх судалгааны үр дүнгийн шинжилгээ, шилжилтийг дэмжих чиглэлд гарсан олон улсын сайн туршлага

Сэдэв 3: Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд цар тахлын үзүүлж буй нөлөө
  • Хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаанд цар тахал болон цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ямар нөлөө үзүүлсэн бэ?
  • Цар тахлын нөлөө, үр дагаврыг зөөллөх хүрээнд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хамгийн тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай вэ?
  • Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? Авах арга хэмжээнийхээ зорилтот бүлэг, хэрэгцээ шаардлагыг хэрхэн эрэмбэлж, ямар стратегиар хэрэгжүүлэх вэ?
Цар тахлын үзүүлж буй нөлөөллийн талаарх судалгааны үр дүнгийн шинжилгээ, цар тахлын хариу арга хэмжээний талаарх олон улсын туршлага

Оролцогчид

ХНХЯ, ХНХСИ, МҮЭХ, МАОЭНХ, ҮСХ, ОУХБ болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллыг сайжруулах, албан бусаас албан эдийн засагт шилжих чиглэлд бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцдог, хувь нэмрээ оруулдаг төрийн бусад байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл