Дэлхийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хэтийн төлөв

Хямралын үед нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдад зохистой хөдөлмөр эрхлэх боломж олгох ёстой гэж ОУХБ-аас мэдэгдэв

КОВИД-19-ийн цар тахлын үеэр бараг бүх улс орнуудад нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдын үнэлгээ хэт доогуур байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр ажиллагсдад хөдөлмөрийн таатай нөхцөл, хүрэлцэхүйц цалин хангамж олгох нь чухал болохыг тэмдэглэлээ.

Press release | 15 March 2023
© KB Mpofu / ILO

ЖЕНЕВ (ОУХБ-ын мэдээ) – Олон улсын хөдөлмөрийн байгууллагын энэхүү шинэ тайланд улс орнууд хямралын үед нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдынхаа эдийн засаг, нийгмийн өдөр тутмын үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн тэдний хөдөлмөрийн нөхцөл, цалин хангамжийг сайжруулах шаардлагатай болохыг тэмдэглэжээ.

“Дэлхийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хэтийн төлөв 2023: Нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажлын үнэ цэнэ” тайланд улс орны нийгэм эдийн засаг нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажилтнаас хэрхэн хамаарч байгаа, тэдний үнэлгээ хэт доогуур байгаа тухай тэмдэглэжээ. Үүнээс шалтгаалан нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсад ажлын байрандаа тогтворгүй байх, ажиллах хүч олдохгүйд хүрч байгаа нь нийгмийн нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлэх ажилд хүндрэл учруулж байна. Дараа дараагийн хямралыг эдийн засаг, нийгмийн хувьд хохирол багатай даван туулахын тулд хүнс, эрүүл мэнд, бусад шаардлагатай салбаруудад хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Хямралын үед нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдад эрүүл мэнд, хүнс, жижиглэн худалдаа, аюулгүй байдал, хамгаалалт, цэвэрлэгээ, ариутгал, тээвэр, ур чадвар шаардахгүй ажил, техник мэргэжлийн болон захиргааны ажилтан зэрэг найман төрлийн мэргэжлийн ангилал багтаж байгаа юм.

Дэлхийн 90 улсын статистик мэдээллээс харахад нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажилтан нийт ажиллагсдын 52 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ тоо өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй бага буюу 34 хувь байна.

COVID-19-ийн хямралын үеэр нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажилтны нас баралт бусад ажилтнуудтай харьцуулахад өндөр байв. Нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд дотор ч ажил мэргэжлээсээ шалтгаалан нас баралтын хувь харилцан адилгүй байв. Жишээлбэл, тээврийн салбарт ажиллагсдын дунд нас баралтын түвшин эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаас харьцангуй өндөр байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал ямар чухал болохыг, тэр дундаа албан эдийн засагт, хамтын төлөөлөл бүрдүүлэн ажиллахын ач холбогдлыг тайланд дурджээ.

Хөдөлмөрийн тааруу нөхцөлд урт цагаар бага цалинтай ажиллаж байна.

Дэлхий даяар нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдын 29% нь бага цалинтай гэж хариулжээ. Бага цалин гэдэг нь тухайн улсын нэг цагийн медиан хөлсний гуравны хоёроос бага байгаа тохиолдлыг хэлж байна. Нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдын цалин бусад ажиллагсадтай харьцуулахад даруй 26 хувиар бага байгаа бөгөөд энэ зөрүүний гуравны хоёр нь л боловсрол, ажлын туршлагаас хамаарч байна. Хүнсний салбарт ажиллагсдын 47 хувь нь бага цалингаар ажиллаж байгаа гэсэн бол, цэвэрлэгээ, ариутгалын ажиллагсдын 31 хувь байна.

Эдгээр салбарт ажиллагсдын ихэнх хувийг, ялангуяа өндөр орлоготой орнуудад, цагаач ажиллагсад эзэлдэг.

Нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй гурван ажилтан тутмын нэг нь түр гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь улс орон, эдийн засгийн салбараас хамаараад өөр өөр байна. Хүнсний үйлдвэрийн салбарт ажиллагсдын 46 хувь нь түр гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд ур чадваргүй ажиллагсад, цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа ажиллагсдын гурван хүн тутмын нэг нь түр гэрээтэй байна. 

Цэвэрлэгээ, харуул хамгаалалтын ажлыг ихэвчлэн гэрээт байгууллагаар гүйцэтгүүлдэг бөгөөд зарим нэг нэн шаардлагатай ажил, үйлчилгээг ч хөдөлмөр зуучийн компаниар дамжуулан түр гэрээгээр гүйцэтгүүлж байна. Энэ байдал агуулах тээвэр, эрүүл мэндийн салбарт нэмэгдэх хандлагатай.

Бага орлоготой орнуудад нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдын 46 хувь нь хэт олон цагаар ажилладаг. Ялангуяа тээврийн салбарт ажиллагсдын ажлын цаг хэт урт байгаа бөгөөд дэлхийн нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдын 42 хувь нь долоо хоногт 48 ба түүнээс дээш цаг ажиллаж байна. Мөн ажлын тогтсон цаг байхгүй, эсвэл хэт цөөн цагаар ажиллах байдал ч харагдлаа.

Бага болон дундаж орлоготой орнуудад нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдын бараг 60 хувь нь ямар нэгэн нийгмийн хамгаалалд хамрагдаж чадаагүй байна. Орлого багатай орнуудад нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдын дөнгөж 17 хувь нь нийгмийн хамгаалалд хамрагджээ. Хөгжиж буй ихэнх орнуудад хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд бараг тэр чигээрээ хамрагдаагүй байна.

Зохистой хөдөлмөр эрхэлье.

"Эрүүл мэндийн ажилтан, худалдагч, хүргэлт, түгээлтийн ажилтан, шууданч, цэвэрлэгээний ажилтан, далайчид, хүнс үйлдвэрлэгчид цар тахлын оргил үед ч эрсдэл үүрэн өдөр шөнөгүй ажиллаж байлаа" гэж ОУХБ-ын Ерөнхий захирал Жилбер Унбо хэлэв. “Нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдынхаа хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, хүрэлцэхүйц цалин хөлс олгох нь тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж буй хэрэг. Зохистой хөдөлмөр бол ажил, хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд хамаатай бөгөөд сайн, муу аль ч цагт амин чухал ажил, үйлчилгээгээр хангаж ажилладаг хүмүүсийн хувьд илүү онцгой ач холбогдолтой юм."

Ирээдүйд учирч болохуйц цар тахал, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг аливаа хямралын үед нэн шаардлагатай ажил үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахын тулд дэд бүтэц, хүний нөөц, бүтээмжид хөрөнгө оруулах шаардлагатай байгааг тайланд онцлон тэмдэглээд, ялангуяа, эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулснаар эдгээр салбаруудад зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, нийгмийн шударга байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтой.

Тайланд дараах зөвлөмжийг тусгасан байна:
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцоо нь эдийн засгийн бүхий л салбарт, бүх ажиллагсдад хамаатай бөгөөд үүнийг Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөгчид өөрсдийн эрх, үүргийг тодорхой болгон, хамтран ажилласны үр дүнд л хангах боломжтой.
  • Нэн шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний бусад ажиллагсдын харьцуулахад харагдаж буй цалингийн зөрүүг арилгах, түүний дотор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон харилцан тохиролцсон цалингийн хэмжээг нэмэгдүүлэх.
  • Ажлын цаг нь баталгаатай, урьдчилан таамаглах боломжтой байх зохицуулалтыг, ялангуяа, хамтын хэлэлцээгээр дамжуулан зохицуулах.
  • Хөдөлмөр эрхэлж буй статус, гэрээний нөхцөлөөсөө үл хамааран хүн бүр нийгмийн хамгаалалд, тэр дундаа цалинтай өвчний чөлөө авдаг байхаар хууль эрх зүйн зохицуулалтаа өөрчлөх.
  • Нэн шаардлагатай ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа ажиллагсдад зориулсан сургалтын хүртээмжийг нэмэгдүүлснээр тэд ажлаа үр дүнтэй, аюулгүй гүйцэтгэх боломжтой болно.
Улс орнууд нэн шаардлагатай ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа ажиллагсдын зохистой хөдөлмөр, эдийн засгийн тогтвортой байдлын талаар нийгмийн яриа хэлэлцээ хийж, сорилт бэрхшээлийг даван туулах үндэсний стратеги, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах нь зүйтэй гэдгийг тайланд дурджээ.